Цахим луйврын түүх

Бидний сургамж
2025 оны дөрөвдүгээр сарын 13 аар
Administrator
| Сэтгэгдэл хараахан байхгүй

​    Сүүлийн жилүүдэд цахим луйвар огцом өсөж, улам нарийсаж, төрөлжиж байна. Интернэт, мэдээллийн технологийн хөгжил нь бизнесийн боломжуудыг нэмэгдүүлж байгаа ч залилангийн шинэ төрлүүдийг ч бас бий болгож байна. Үүний улмаас цахим гэмт хэргийн хохирогчдын тоо тасралтгүй өссөөр байгаа нь бидний анхаарлыг татаж буй асуудал юм. Тэгвэл хүмүүс яагаад цахим луйварт өртдөг вэ?

Манай компанид тохиолдсон нэгэн үйл явдлыг та бүхэнтэй хуваалцъя. Бид 2018 онд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнийг импортлон Монголын зах зээлд борлуулж эхэлсэн. Харин 2024 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж, Монголын бараа бүтээгдэхүүнийг экспортолж, олон улсын зах зээлд гаргахыг зорьсон. Энэ хүрээнд бид Alibaba.com цахим худалдааны платформ дээр бүртгүүлж, Монгол улсын анхны албан ёсны бүртгэлтэй компани болсон юм. Гэвч олон улсын зах зээл дээр ажиллаж эхэлсэн маань цахим луйварт өртөх эрсдэлийг дагуулж байсныг бид тэр үед төдийлөн сайн ойлгоогүй байв.

Цахим луйварт өртөх шахсан нь

Нэгэн өдөр Америк улсаас гэх “А” гэх хүн манай ноосон бүтээгдэхүүнүүдийг сонирхож буйгаа илэрхийлж, их хэмжээгээр худалдан авах хүсэлтэй байгаагаа хэлэв. Бид ч баярлаж, WhatsApp болон имэйлээр харилцаж эхэлсэн. “А” нь Нигерийн засгийн газрын харьяа “X” нэртэй томоохон байгууллагын төлөөлөгч гэж өөрийгөө танилцуулсан бөгөөд тус байгууллага 2025-2026 оны тендер зарласан тул биднийг оролцохыг урьсан юм. Бид ч баяртайгаар хүлээн авч, “X” байгууллагатай шууд холбогдон, мэдээлэл солилцсоор 14 хоног өнгөрөв. “А” залуутай харилцах явцад бид бие биенийхээ хувийн амьдралын талаар хүртэл ярилцаж, итгэлцэл үүсэж эхэлсэн.

Эргэлзээ төрүүлсэн шинж тэмдгүүд

Тендерийн шалгаруулалт дуусаж, биднийг 100% санал нэгтэйгээр сонгосон гэх мэдээ ирэв. Гэвч дараа нь Нигер улсад биеэр ирж, бичиг баримтаа баталгаажуулах шаардлагатай гэж мэдэгдэв. Хэрэв ирэх боломжгүй бол итгэмжлэгдсэн хүмүүсээр материалыг баталгаажуулах боломжтой, гэхдээ үүний тулд 2000 ам.доллар шилжүүлэх хэрэгтэй гэсэн нөхцөл тавьсан юм.

Энэ үеэс бид эргэлзэж, тус байгууллагыг илүү нарийвчлан судалж эхлэв. Шинжилгээ хийхэд:

  • Вэбсайт нь маш муу чанартай, AI анализ хийхэд найдваргүй болох нь тогтоогдов.
  • Google Map дээр байршил нь тэмдэглэгдсэн боловч тухайн газрын бодит зураг, албан байгууллага байх магадлал тун бага байв.
  • Байгууллагын нэрийг олон улсын бүртгэлээс хайхад албан ёсны бүртгэл олдсонгүй.
  • Тус улсын 2025 төсөвийн баримт бичигт тус байгууллагын нэр байсан боловч албан ёсны эх сурвалжаас биш, эргэлзээтэй сайтаас гарсан нь ил болов.

Сүүлчийн шалгалт ба илчлэгдсэн үнэн

Бид “А” залуугаас өөрийн ажлын үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбарыг илгээхийг хүсэв. Харин дараа өдөр нь “А” бидэнд нэг үнэмлэх явуулсан бөгөөд бид үүнийг интернетээс хайхад Конго улсын томоохон компанийн захирлын зурагтай ижил болохыг тогтоов. Энэ мөчөөс бид албан ёсоор “А”-тай харилцахаа зогсоож, WhatsApp-аар блок хийж, Нигер улсын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагад мэдээлэл өгсөн боловч одоог хүртэл хариу ирээгүй байна.

Дүгнэлт ба сургамж

Энэхүү үйл явдлаас бид дараах сургамжийг авсан:

  1. Мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдлэг чухал – Бид цахим орчинд илүү хянамгай, шалгаж нягталж байх ёстой.
  2. Итгэмтгий зан чанар луйварчдын боломжийг нэмэгдүүлдэг – Тэд таны итгэлийг олохын тулд маш нарийн арга ашигладаг.
  3. Интернетэд буй мэдээлэлд шууд итгэж болохгүй – Бүх зүйл хуурамч байж болзошгүй тул олон эх сурвалжаас шалгах хэрэгтэй.
  4. Хэрэв мөнгө нэхэж эхэлбэл анхаарлаа өндөрсгө – Тендер, бизнесийн гэрээ гэх мэт зүйлд гэнэт мөнгө шилжүүлэх шаардлага гарч ирвэл сэжигтэй гэж үзэх ёстой.
  5. “Ятгах тусам нягтал” – Луйварчид таныг ятгах тусам эргэлзэх хэрэгтэй.

Яаж хамгаалах вэ?

  • Сэжигтэй мэдээллийг олон эх сурвалжаас шалгах
  • Технологийн шинэчлэлд хөл нийлүүлэн, мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдлэгээ дээшлүүлэх
  • Цахим орчинд анхаарал болгоомжтой байж, үл мэдэх хүмүүс, байгууллагуудтай бизнес хийхээсээ өмнө судалгаа хийх

Энэхүү нийтлэлээр дамжуулан та бүхэнд цахим луйврын талаар мэдээлэл хүргэж, өөрсдийгөө болон бизнесээ хамгаалахад тус болно гэж найдаж байна. Сэтгэгдэл хэсэгт санал бодлоо үлдээнэ үү!

Administrator 2025 оны дөрөвдүгээр сарын 13
Нийтлэлийг хуваалцах
Нэвтрэх Сэтгэгдэлд үлдээх